ЦАГААН СУВАРГЫН ӨӨР НЭГЭН ДОМОГ БУЮУ БЯЦХАН ДУРСАМЖ.
Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь алдарт Цагаан суваргаас зүүн тийш Муруй цагаан сүүж гэж /нутгийнхан Муруйн ус гэх/ яг Цагаан суваргын зүг чиглэсэн их хадтай хушуун дээр нэгэн өвөрмөц худаг байдаг юм.Тэр худгийн амнаас 2 метрт 2 метр орчим өндөр дээрээ 2 шовгортой голдоо нэь гарсан нүхтэй том цагаан хад байдаг байсан.
Муруйн худгаас гэнэт их ус олгойдож маш өндөрт цойлон одооны Цагаан суваргын тэрлүү буцаж бууснаас Цагаан суваргын өвөрмөц сонин тогтоц үүссэн, тэр олгойдож буй усыг тэр том цагаан чулууг голынх нь нүхээр мод шургуулан өлгөж авчраад уг худгийг таглаж усыг зогсоосон юм гэнэлээ гэдэг товчхон домогтой. Цагаан суваргын цөөн хэдэн домогны нэг нь энэ.
Хожим 1970-аад онд Муруйн худган дээр байсан тэр том цагаан чулууг тухайн үед чулуу бэлтгэгч байсан "Үр" хэмээх Цэнд гуай хажуудах бааюуруу шохойн чулуунд бутлаж зөөсөн гэдэг юм билээ.
Муруйн ус бол Дэл уулнаас 10-аад км-ийн зайтай. Намайг багад манайх Дэл Хөнжлийн уулнаас гадна Монтой, Муруй цагаан сүүж, Тагт хавиар хааяа нутаглаж байсан. Миний дүү Батбуян Муруйн усны дэргэд төрсөн. Энэ худгийн хажуугаар төв зам өнгөрдөг юм. Нүдэнгийн хойт хэц дээгүүр гараад ирэхэд хамгийн түрүүнд Муруй цагаан сүүж тодоос тод харагаж түүнийг харангуут л түүнээс цаахна байгаа гэр, ижий 2 минь нүдэнд харагдах шиг болоод улам их яардаг байж билээ.
Муруй цагаан сүүж хавиар олон сонирхолтой домог, түүх бий. Муруйн усны дэргэд байх өвөрмөц хэлбэртэй хэдэн жижигхэн цагаан чулуунуудыг өдөр нь салгаад тавьчихад шөнө нь буцаад хоорондоо нийлчихдэг юм, түүнийг битгий оролдоорой гэж настайчуул захидаг байсан. Муруйн усан дээр 70-аад оны эхээр шохойн чулуу шатаадаг бааюу байсан, түүнийг Навсаа Намжил гуай хариуцдаг байв.
Аймгийн музейн даргаар олон жил ажилласан Л.Мөнхбаяр "Муруй цагаан сүүжийн ойролцоогоос1990-ээд онд үлэг гүрвэлийн бүтэн яс олдворлосон тухай ярьж байсан.
Нэг жижигхэн домог сонирхуулангаа нэг жижиг дурсамж өгүүлэхэд ийм ажгуу.
Б.Батмөнх.
2015-01-16
No comments:
Post a Comment