БҮСГҮЙЧҮҮДЭЭ МАГТАН ДУУЛЬЯ
Бүсгүйчүүд аливааг өнгөлөг болгож, юмыг эмц цэгцтэй байлгадаг нь үнэн.
Гэрт бүсгүй хүн байхгүй бол гал тогооны ажил ямар билээ. Эрчүүд мартын наймны ганц өдөр тогоо бариж хоол унд бэлтгэх гэж хамаг юмаа давуулж асгаад, хамаг гар хөлөө хайраад ёстой л нусаа хацартаа наадаг нь үнэн. Тэгвэл хүүхнүүд таанууд насан туршдаа тэр хүнд ажлыг бусад өчнөөн ажлын хамт амжуулдаг.
Таануудыг хэд хоногоор эзгүй явах үед зарим айлын гэрийн хогийн сав нь пивний лааз, архины шил хоёроор, гал тогооны тосгуур нь угаагүй аяга, халбага, түмпэн саваар дүүрдэг тохиолдол ч байдаг.
Хүүхнүүд таанууд нийлэхээрээ хэн нэгнээс дуулсан сонссоноо хуваалцаж, жаргал зовлонгоо ярилцан тачигнатал инээж хөхөрч, уйлж дуулж хамаг стрессээ тайлчихдаг. Ер нь “хов ярих” нь алжаал тайлдаг хамгийн сайн аргуудын нэг болохыг шинжлэх ухаан бараг баталчихсан юм гэсэн.
Харин эрчүүд бид нийлэхээрээ зарим тохиолдолд шилтэй ноцолдсоор байгаад сүүлдээ түрийвчэндээ мөнгөгүй, утсандаа нэгжгүй харин “эсгий гутал чихээстэй” бөрзийсөн царайтай бөөн стресс болдог гашуун үнэн бий.
Албан байгууллага дээр үйлчлэгч /цэвэрлэгч/ бүсгүйчүүд маань байхгүй бол шал шавхай ямар байхав.
Эмэгтэй хүн нарийн бичиг хийхээрээ даргынхаа ажил төрлийг зөв зохицуулж, бичиг цаасыг нь эмх цэгцтэй байлгаж, унд цай зэрэг ууж идэх юмыг сайн зохицуулдаг тул дарга нар эмэгтэйчүүдийг сонгодог юм гэнэлээ.
Гэх мэтээр эрчүүд бид нар бүсгүйчүүд та хэдийгээ магтаад байвал өдөржин шөнөжин магтаж чадах байхаа.
Сайхан баярлаарай.
Б.Батмөнх
2016-оны Мартын найман
No comments:
Post a Comment